Хууль зүйн салбарын 24 мянга гаруй ажилтан нэг өдрийн цалингаа хандивлав

0

Онцгой байдлын албыг бэхжүүлэх, шаардлагатай тоног төхөөрөмжөөр хангах, аврах, гал унтраах үйл ажиллагаанд ашиглах нисдэг тэрэгтэй болгох зорилгоор ард түмний санаачлагаар эхлүүлсэн хандивын аян улс орон даяар өрнөсөн.

Онцгой байдлын албанд туслах энэхүү хандивын аян өнөөдөр ч үргэлжилсээр байна. Хандивын аянд төрийн болон төрийн бус байгууллага, иргэд, аж ахуйн нэгж байгууллагын хандивласан 809,6 сая гаруй төгрөг Онцгой байдлын ерөнхий газарт төвлөрөөд байгаа юм. Тэгвэл өнөөдөр Хууль зүй, дотоод хэргийн яам, түүний харьяа байгууллагын нийт 24 мянга гаруй ажилтан, алба хаагчид нэг өдрийн цалин болох 640 сая төгрөгийг ОБЕГ-т хандивлалаа.

Хандивыг тус яамны Төрийн нарийн бичгийн дарга Г.Баясгалан, Төрийн захиргаа удирдлагын газрын дарга Г.Билгүүн нар ОБЕГ-ын дарга, хошууч генерал Т.Бадралд хүлээлгэн өгсөн юм.

Ард түмний хандиваар цугласан хандивын мөнгөнөөс одоогийн байдлаар ямар нэгэн зарцуулалт хийгдээгүй байгаа бөгөөд жижиг оврын нисдэг тэрэг Автожир /CALIDUS/, нисэх аппарат, гамшгийн голомтод ажиллаж буй гал сөнөөгч, аврагчдын эрүүл мэндийг хянах, эрт оношлох, урьдчилан сэргийлэхэд чухал шаардлагатай биохимийн шинжилгээний бүрэн автомат анализатор /PICCOLLO XPRESS/ болон багц шинжилгээ хийх нэг бүрийн оношлуур, хорт хий утаанаас хамгаалах баг зэрэг Онцгой байдлын албанд нэн тэргүүнд шаардлагатай багаж, тоног төхөөрөмж худалдан авахаар төлөвлөөд байна гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.